2017 оны 8 сарын 15

R-чин болсон нь

Статистик програмчлалын R хэл буюу статистикийн R програмыг бие даан судалж, эзэмшсэн тухай тэмдэглэл

R хэлний талаар мэддэг болсон нь 10 гаруй жилийн өмнөхтэй холбогдоно. Гэвч статистикийн аливаа зүйл хийхдээ SPSS болон Matlab зэрэг програмаар аргацаасаар нэг мэдэхэд 2015 онтой золгожээ. Чухам энэ үед л R програмыг судлах, эзэмших улмаар хичээл сургалтын үйл ажиллагаа цаашлаад мэргэжлийн бүхий л ажилдаа нэврүүлэхээр сэтгэл шулуудсан юм.

R хэлийг судалж эзэмших болсон нөхцөл, шалтгаанууд Энд заавал дурдах хэдэн шалтгаан бий. Үүнд:

  1. Linux тархац хэрэглэдэг болсон. Үүнийг дагаад Windows үйлдлийн систем дээр хэрэглэдэг байсан маш олон програмаас татгалзсан юм. Үүн дээр нэмээд SPSS болон Matlab зэрэг програмаас татгалзахаас өөр аргагүй болсон. Нэг хэсэгтээ VirtualBox дотор Windows, түүндээ тэдгээр програмуудыг суулгаад ажиладаг байлаа. Энэ нь Windows үйлдлийн системээс улам бүр холдож хөндийрч байсан миний хувьд улам бүр ядаргаатай болж байв. Нөгөө талаас би Linux тархацыг зарим хүмүүс шиг dual-boot хэлбэрээр суулгаж хэрэглэдэггүй өөрөөр хэлбэр компьютер дээр Linux тархацыг дангаар нь суулгаж хэрэглэдэг юм. Тиймээс компьютер дээрх ажил маань тэр чигээрээ нээлттэй эхийн програм хангамж дээр тулгуурладаг. Тиймээс нээлтэй чөлөөтэй R програм/хэлийг хэрэглэж эхлэх нь цаг хугацааны асуудал болоод байсан хэрэг л дээ.
  2. R програм нь зүгээр нэг статистикийн програмаас гадна програмчлалын хэл гэдэг нь миний дур сонирхлыг маш ихээр татах болсон. Учир нь би код бичихдээ нэлээд дуртай л даа. Жишээлбэл бичиг баримт боловсруулахдаа Microsoft Word програм бус харин Markdown, HTML, LaTeX зэрэг document markup language ашигладаг.
  3. Дээрх хоёрыг өдөөж өгсөн хүчин зүйл бол МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг дагасан хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлт юм. Үүний хүрээнд шинээр батлагдсан "Статисик" бакалаврын сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн заавал судлах хичээлийн нэг болох "Статистик хэрэглээний програм" хичээлийн төлөвлөгөөнд R програмыг тусгаж оруулав. Ингэснээр тус хичээлийн агуулга илүү академик хандлагатай болж ирсэн гэж үздэг. Үнэхээр их сургуулийн сургалт ямар нэгэн commercial програмд дулдуйдах нь тун зохимжгүй юм л даа. Үүний талаар зарим эрдэмтэн багш нар ч үгээ ил тод хэлдэг байсан. Ингэснээр тус хичээлээр програмын цонхон дээрх товчлуур дарах тухай бус харин програмын код бичих, програм хангамж хөгжүүлэх тухай үзэж судалдаг болсон юм. Мэдээж хичээлийг тэгж заахын тулд багш нь өөрөө R хэлээ өндөр төвшинд судалж эзэмшсэн байх шаардлагатай шүү дээ. Тэгээд л R хэлийг тун богино хугацаанд маш эрчимтэйгээр судалж эзэмшсэн билээ.
  4. Дээрх үндсэн шалтгаануудаас гадна ахин нэг програичлалын хэл шинээр судалж эзэмшмээр санагдах болсон зэрэг өөр жижиг сажиг зүйлс ч бий.

Хүндрэл бэрхшээл За үнэнийг хэлэхэд тууштай зорилго, хүсэл сонирхол дээр нь миний давуу тал болох програмчлалын хангалттай мэдлэг туршлага, англи хэлний мэдлэг чадвар байсан болохоор R програм буюу R програмчлалын хэл судалж эзэмшихэд шальтай хүндрэл бэрхшээл байсангүй ээ. Нэг үгээр хэлбэл арчаад л өнгөрсөн.

Үр дүн, ахиц дэвшил R хэлийг тийнхүү судалж эхэлснээс хойш дараах үр дүнд хүрчээ. Үүнд:

  1. R хэлийг өдөр тутмын ажилдаа чөлөөтэй хэрэглэх чадвар
  2. Статистикийн R програм буюу R хэлийг бусдад зааж сургах хэмжээний гүнзгий мэдлэг
  3. Статистик програмчлалын R хэл сурах бичиг
    Сурах бичгийнхээ талаар хэдэн үг бичмээр санагдлаа. Ерөнхийдөө бичсэн сурах бичиг маань баргийн 2 англи ном, сурах бичгийг нийлүүлснээс илүү гарна уу гэхээс дутахгүй шүү. Энд нэг зүйрлэл хэлбэл, дэлхийн 1-р дайнаас өмнө Англи улс усан флотынхоо хувьд Европын ямар ч хоёр улсын флотыг нийлүүлснээс хоёр дахин илүү гэх зарчим баримталдаг байсан гэж сонсож байсан. Миний хувьд яг л тэр зарчмыг баримталж өөр хоёр ном авснаас миний нэг номыг авсан нь хамаагүй илүү байхууцаар бичиж хэвлүүлсэн билээ. Мөн эх бэлтгэлийн хувьд ч өөрийн гараар сэтгэлдээ нийцтэл ажилласан.
  4. Сургалтын хэрэглэгдэхүүн
    Дээр дурдсан бакалаврын хичээл сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна богино хугацааны эрчимжүүлсэн сургалт ч явуулахад ашиглаж болох хэрэглэгдэхүүн бэлдсэн. Өөрөөр хэлбэл статистикийн R програм буюу R хэл гэсэн сэдвээр курс дамжаа хичээллүүлэх боломжийг өөртөө нээсэн.

R хэлний хувьд шинэ багцууд гэх мэтчилэн үргэлжлүүлэн судлах зүйлс бишгүй их бий. Жишээлбэл би (2017 оны) 6-р сард зэрэгцээ тооцооллыг R хэл дээр хэрхэн хийх талаар гүнзгийрүүлэн судалж үүнд холбогдох хэдэн багц түүнд агуулагдах хэдэн функц судалж эзэмшсэн.

Ийм байдлаар би R-чин болсон юм. Таныг ч бас "уруу татах" зорилгоор урьд нь бэлдэж байсан Статистикийн R програмын танилцуулга-аа уншигч тантай хуваалцаж байна.